Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Ил тод байдал

Худалдаа үйлчилгээний ил тод байдал

                                                                              МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 сарын 05 өдөр

                   СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

                                                                                  НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

                                                                                 НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэхэд оршино.

2 дугаар зүйл.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Гаалийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль дараах харилцаанд хамаарахгүй:

3.1.1.ашиг олох зорилгогүй, хувийн хэрэгцээнд зориулан уламжлалт аргаар, байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн ашиглан согтууруулах ундаа үйлдвэрлэх;

3.1.2.зорчигчийн хувийн хэрэглээний согтууруулах ундааг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх;

3.1.3.олон улсын үзэсгэлэн, худалдаанд оролцох, бүтээгдэхүүний дээж, загварыг танилцуулах, эсхүл Монгол Улсын болон гадаад улсын эрх бүхий байгууллагад шинжлүүлэх, экспортлох болон импортлох тусгай зөвшөөрөл авах зорилгоор гаалийн хилээр нэвтрүүлэх.

3.2.Энэ хуулийн 3.1.2-т заасан согтууруулах ундааны нэр төрөл, гаалийн хилээр нэвтрүүлэх хэмжээг гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга тогтооно.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."согтууруулах ундаа" гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг;

4.1.2."согтууруулах ундааны эргэлт" гэж согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, хэрэглэх болон түүгээр үйлчлэхийг;

4.1.3."хатуулаг" гэж согтууруулах ундаанд агуулагдах этилийн спиртийн хэмжээг эзлэхүүний хувиар илэрхийлсэн үзүүлэлтийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ

5 дугаар зүйл.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл

Хэвлэх

5.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн тоог хүн амын нягтрал, байршил, үйлдвэрийн хүчин чадлыг харгалзан Засгийн газар тогтооно.

5.2.Уламжлалт технологиор үйлдвэрлэснээс бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулах журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.

5.3.Уламжлалт технологиор үйлдвэрлэснээс бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг татварын байгууллагын санал, холбогдох улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 5.2-т заасан журмын дагуу хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно.

/Энэ хэсэгт "татвар, мэргэжлийн хяналтын байгууллагын санал," гэснийг "татварын байгууллагын санал, холбогдох улсын байцаагчийн" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

5.4.Уламжлалт технологиор үйлдвэрлэх согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрийн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно.

/Энэ хэсэгт "мэргэжлийн хяналтын" гэснийг "хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

5.5.Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг энэ хуульд заасан журмын дагуу олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.

5.6.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгоно.

5.7.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлд согтууруулах ундааны нэр төрөл, үйлдвэрлэх арга, ашиглах түүхий эд, үйлдвэрийн байршил, үйлдвэрлэлийн хүчин чадлын талаарх мэдээллийг тусгана.

5.8.Үйлдвэрлэх согтууруулах ундааны нэр төрөл, үйлдвэрийн байршлыг өөрчлөх, эсхүл шинэ нэр төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэхэд энэ хуулийн 5.3, 5.4-т заасан тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулна.

5.9.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх зэргээр бусдад шилжүүлэх, ашиглуулахыг хориглоно.

6 дугаар зүйл.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

Хэвлэх

6.1.Энэ хуулийн 5.3, 5.4-т заасан тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

6.1.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;

6.1.2.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

6.1.3.согтууруулах ундааны үйлдвэрийн төслийн баримт бичиг;

6.1.4.урьд өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан бол аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан;

6.1.5.үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, тэдгээрийн чанар, стандарт, өмчлөлийн талаарх мэдээлэл;

6.1.6.үйлдвэрлэх согтууруулах ундааны нэр төрөл, хэмжээ, үйлдвэрлэлийн хүчин чадлыг тодорхойлсон баримт бичиг;

6.1.7.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, мэдээлэх тоног төхөөрөмж суурилуулах, түүнийг нэгдсэн сүлжээнд холбох тооцоолол;

6.1.8.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тус бүр дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой онцгой албан татварын тэмдэг наах, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбох тоног төхөөрөмж шаардлага хангасан эсэх талаар татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлт;

6.1.9.энэ хуулийн 6.1.3-т заасан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, мэргэжлийн хүний нөөцийн талаарх мэдээлэл;

6.1.10.татварын өргүй тухай татварын байгууллагын тодорхойлолт;

6.1.11.үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх.

6.2.Энэ хуулийн 6.1.3-т заасан баримт бичгийн жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

7 дугаар зүйл.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлага

Хэвлэх

7.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч стандартын шаардлага хангасан, техникийн зохицуулалт, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан согтууруулах ундааг худалдаа, үйлчилгээнд нийлүүлэх нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

7.1.1.эрх бүхий байгууллагаас хянаж, баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан, стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, агуулах, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, технологийн заавартай байх;

7.1.2.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, мэдээлэх тоног төхөөрөмж суурилуулах, түүнийг нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байх;

7.1.3.үйлдвэрлэлийн үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцаж ажиллах мэргэжлийн хүний нөөцтэй байх;

7.1.4.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлд ашиглах түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалган тогтоох лабораторитой байх;

7.1.5.цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх;

7.1.6.Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 5.1.5-д заасан онцгой албан татварын тэмдэг наах, мэдээллийг бүртгэх тоног төхөөрөмжтэй байх;

7.1.7.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх;

7.1.8.худалдаа хийх тухай бүр цахим төлбөрийн баримт олгох, спирт худалдан авалт, согтууруулах ундааны борлуулалт бүрийг энэ хуулийн 38.7-д заасан журмын дагуу бүртгэх.

7.2.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтэй сав, баглаа, боодол импортлох бол энэ хуулийн 7.1-д заасан төхөөрөмжгүй байж болно.

8 дугаар зүйл.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах

Хэвлэх

8.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тухай бүр сунгаж болно. Тусгай зөвшөөрөл авах, сунгуулах хүсэлт, материалыг цахимаар шийдвэрлэж болно.

8.2.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

8.3.Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

8.4.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

8.5.Татварын өртэй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

9 дүгээр зүйл.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх

Хэвлэх

9.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаас гадна дараах тохиолдолд түдгэлзүүлнэ:

9.1.1.согтууруулах ундааны үйлдвэрлэлд шууд таслан зогсоох, эсхүл хугацаатай үүрэг өгч арилгуулах боломжгүй доголдол, зөрчил илэрсэн;

9.1.2.үйл ажиллагаагаа хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэх талаар хяналт тавих эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй;

9.1.3.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний талаар энэ хуулийн 38.1-д заасан мэдээллийг оруулаагүй;

9.1.4.хяналт тавих эрх бүхий байгууллагаас үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, тэдгээрийн чанар, аюулгүй байдал болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, мэдээлэх тоног төхөөрөмжид хяналт шалгалт хийх үйл ажиллагаанд саад учруулсан.

9.2.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 9.1-д заасан зөрчлийг арилгуулах зорилгоор гурав хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж, үндэслэл бүхий хүсэлт гаргасан бол гурав хүртэл сарын хугацаагаар сунгаж, зөрчлийг арилгасан бол сэргээнэ.

10 дугаар зүйл.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

Хэвлэх

10.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаас гадна дараах тохиолдолд хүчингүй болгоно:

10.1.1.согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч татан буугдсан;

10.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан;

10.1.3.энэ хуулийн 6.1-д заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл баримт бичиг нь худал мэдээлэл агуулсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;

10.1.4.энэ хуулийн 37.2-т заасан онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, бусдад шилжүүлсэн, эсхүл онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, захиалгаар хийлгэсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг ашигласан, хуурамч онцгой албан татварын тэмдэг наасан согтууруулах ундаа худалдан борлуулсан;

10.1.5.энэ хуулийн 9.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд согтууруулах ундаа үйлдвэрлэсэн;

10.1.6.нэг жилийн хугацаанд хоёр, түүнээс дээш удаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний талаар энэ хуулийн 35.1-д заасан хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдээллийг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл худал мэдээлэл ирүүлсэн;

10.1.7.стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй согтууруулах ундаа үйлдвэрлэсэн, худалдсан;

10.1.8.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, мэдээлэх тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаагүй, санаатайгаар гэмтээсэн, устгасан, лацыг хөдөлгөсөн;

10.1.9.энэ хуулийн 9.2-т заасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хугацаанд зөрчлийг арилгаагүй;

10.1.10.хуульд өөрөөр заагаагүй бол үйлдвэрлэлийн хүчин чадлын тогтоосон доод хэмжээг ашиглаагүй;

10.1.11.онцгой албан татварын тэмдгийг бусдад дамжуулсан, шилжүүлсэн;

10.1.12.согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгосноос хойш хоёр жил, түүнээс дээш хугацаанд согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлээгүй;

10.1.13.согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, түрээслэх, барьцаалах зэргээр бусдад шилжүүлсэн, ашиглуулсан.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн үйлдвэрийн барилга байгууламж болон байршилд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаанд дахин олгохыг хориглоно.

10.3.Энэ хуулийн 10.1-д заасан тохиолдол үүссэн нь тогтоогдсон бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж, шийдвэрлэх хүртэл хугацаанд согтууруулах ундаа үйлдвэрлэх үйл ажиллагааг зогсооно.

11 дүгээр зүйл.Согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавигдах шаардлага

Хэвлэх

11.1.Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг шугамын оролт, гаралтыг тоолууржуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөр технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөл, батлагдсан стандартын дагуу явуулна.

11.2.Согтууруулах ундааны үйлдвэрлэлд ашиглах үндсэн техник, тоног төхөөрөмж техникийн зохицуулалтад нийцсэн байна.

11.3.Энэ хуулийн 38.1-д заасан мэдээллийг мэдээллийн санд оруулах үүрэгтэй.

11.4.Орц, найрлага, түүхий эд, хатуулаг ижил согтууруулах ундааг зөвхөн оноосон нэг нэрээр үйлдвэрлэнэ.

11.5.Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч нь хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлсэн бүтээгдэхүүний нууцлал бүхий бүртгэлтэй, буцаан татах бодлого, механизмыг бүрдүүлсэн байна.

11.6.Энэ хуулийн 11.1-д заасан тоног төхөөрөмж нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээллийн цахим санд холбогдсон байх бөгөөд тоног төхөөрөмжид тавигдах шаардлага, нэгдсэн сүлжээнд холбох, үйл ажиллагаанд хяналт тавих журмыг хүнсний болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

12 дугаар зүйл.Согтууруулах ундааны шошго, савлагаанд тавигдах шаардлага

Хэвлэх

12.1.Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундаа дараах мэдээллийг агуулсан шошготой байна:

12.1.1.согтууруулах ундааны нэр төрөл, цувралын дугаар;

12.1.2.согтууруулах ундаа үйлдвэрлэгчийн нэр, хаяг;

12.1.3.савлагааны хэмжээ;

12.1.4.орц бүрдүүлэгч, хүнсний нэмэлтийн дугаар, тэмдэглэгээ;

12.1.5.үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах нөхцөл;

12.1.6.согтууруулах ундааны хатуулаг;

12.1.7.стандарт, техникийн зохицуулалт;

12.1.8.согтууруулах ундаанаас үүдэлтэй эрүүл мэндийн хор нөлөөний анхааруулга.

12.2.Согтууруулах ундааны шошгонд барааны тэмдэг, зохистой дадал, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн тухай мэдээллийг байршуулж болно.

12.3.Согтууруулах ундааны шошгонд тавигдах шаардлага, анхааруулгын загварыг хүнсний болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

12.4.Монгол Улсад үйлдвэрлэх согтууруулах ундааны шошго нь монгол хэлээр байх бөгөөд гадаад улсад экспортлох бол энэ хуулийн 12.1-д заасныг мөрдөхгүй байж болно.

12.5.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь согтууруулах ундааны нэр, савлалтын хэмжээний өөрчлөлтийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр мэдэгдэнэ.

12.6.Гадаад улсад экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, татваргүй барааны дэлгүүр, зочид буудлын хэрэгцээнд тусгай зориулалтаар, захиалгаар нийлүүлэхээс бусад тохиолдолд 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0.33 литрээс бага, 1 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.

12.7.Согтууруулах ундаа хүнсний зориулалтын сав, баглаа, боодол, бөглөөтэй байна.

12.8.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь согтууруулах ундааны шил, савыг татан авах, дахин ашиглах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.

12.9.Согтууруулах ундаа үйлдвэрлэгчээс бусад этгээд согтууруулах ундааны сав, баглаа, боодол, бөглөө, шошгыг гаалийн хилээр нэвтрүүлэх бол тухайн нэрийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээг үндэслэнэ.

13 дугаар зүйл.Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхийг хориглох газар

Хэвлэх

13.1.Дараах газарт согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхийг хориглоно:

13.1.1.төрийн байгууллагын эзэмшлийн болон үйл ажиллагаа явуулж байгаа албан байр, барилга байгууламж, газар;

13.1.2.хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар, соёл, урлагийн газар, тэдгээрийн эзэмшил, ашиглалтад байгаа бүх төрлийн барилга байгууламж;

13.1.3.спортын бэлтгэл, сургуулилалт, уралдаан, тэмцээн зохион байгуулах зориулалт бүхий бүх төрлийн барилга байгууламж;

13.1.4.оюутан, сурагчдын хичээлийн болон дотуур байр;

13.1.5.нийтийн зориулалттай орон сууцны байшин, түүний орц, хонгил, өргөтгөл, суурийн давхар;

13.1.6.галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудал.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ИМПОРТ, ЭКСПОРТ

14 дүгээр зүйл.Согтууруулах ундаа импортлох, экспортлох

Хэвлэх

14.1.Импортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийн техникийн зохицуулалтыг эрүүл мэндийн болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

14.2.Импортлох согтууруулах ундаа энэ хуулийн 14.1-д заасан техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна.

14.3.Импортлох согтууруулах ундааны загвар дээжийг гаалийн байгууллагын урьдчилан шинжилгээнд хамруулна.

14.4.Энэ хуулийн 14.3-т заасан шинжилгээний зорилгоор согтууруулах ундаанаас авах сорьц,дээж, загварын тоо хэмжээ нь Монгол Улсын стандартын шаардлага хангасан шинжилгээ, дүгнэлтэд хүрэлцэхүйц хамгийн бага хэмжээтэй байна.

14.5.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

14.5.1.тусгай зөвшөөрлийн өргөдөл;

14.5.2.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

14.5.3.урьд өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан бол аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан;

14.5.4.импортолсон бүтээгдэхүүнээ хадгалах агуулахын талаарх мэдээлэл; т

14.5.5.импортлох согтууруулах ундаа үйлдвэрлэсэн болон экспортолсон улс орны чанар, стандартын шаардлага хангаж байгааг тодорхойлсон гэрчилгээ, баримт бичиг;

14.5.6.импортлох бүтээгдэхүүн бүрд дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой онцгой албан татварын тэмдэг үйлдэх, үйлдсэн тэмдгийн талаарх мэдээллийг цахим төлбөрийн баримтын системд холбох тоног төхөөрөмж шаардлага хангасан эсэх талаар татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлт;

14.5.7.үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх.

14.6.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч техникийн зохицуулалт, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан согтууруулах ундааг импортлон нийлүүлэх нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

14.6.1.цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх;

14.6.2.онцгой албан татварын тэмдэг бүхий согтууруулах ундаа импортлох;

14.6.3.борлуулалт хийх бүрд цахим төлбөрийн баримт олгох, импорт, худалдаа бүрийг энэ хуулийн 38.7-д заасан журмын дагуу бүртгэх.

14.7.Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавих, импортлох тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмыг Засгийн газар батална.

14.8.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага таван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тухай бүр сунгаж болно.

14.9.Тусгай зөвшөөрөл авах, сунгуулах хүсэлт, материалыг цахимаар шийдвэрлэж болно.

14.10.Татварын өртэй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

14.11.Үйл ажиллагаагаа хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэх талаар хяналт тавих эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийг зөрчлийг арилгуулах зорилгоор гурав хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлж, зөрчлийг арилгасан бол сэргээнэ.

14.12.Согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:

14.12.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч татан буугдсан;

14.12.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан;

14.12.3.энэ хуулийн 14.5-д заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл тэдгээр нь худал мэдээлэл агуулсан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон;

14.12.4.энэ хуулийн 37.2-т заасан онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, эсхүл онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг ашигласан, захиалгаар хийлгэсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй согтууруулах ундаа худалдсан;

14.12.5.онцгой албан татварын тэмдгийг бусдад дамжуулсан, шилжүүлсэн;

14.12.6.энэ хуулийн 14.11-д заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй;

14.12.7.техникийн зохицуулалтын шаардлага хангаагүй согтууруулах ундаа импортолсон;

14.12.8.согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл олгосноос хойш хоёр жил, түүнээс дээш хугацаанд согтууруулах ундаа импортлоогүй;

14.12.9.согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх зэрэг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлсэн, ашиглуулсан.

14.13.Согтууруулах ундаа импортлох, экспортлоход Засгийн газраас тогтоосон хилийн боомтоор нэвтрүүлнэ.

14.14.Согтууруулах ундааг тусгай зөвшөөрөлгүй, эсхүл бусад этгээдийн тусгай зөвшөөрөл ашиглан импортлохыг хориглоно.

14.15.Импортын согтууруулах ундаа нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бол тухайн этгээдийн зардлаар буцаана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

15 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл

Хэвлэх

15.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 15.7-д заасан тусгай зөвшөөрлийн тоонд нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд чөлөөт бүсийн захирагч олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно.

15.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмыг Засгийн газар батална.

15.3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тухай бүр сунгана.

15.4.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан согтууруулах ундааг худалдана.

15.5.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад энэ хуулийн 15.2-т заасан журмыг баримтална.

15.6.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлийг бэлэглэх, худалдах, барьцаалах, түрээслэх зэргээр бусдад шилжүүлэх болон энэ хуульд зааснаас бусад тохиолдолд үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчлөхийг хориглоно.

15.7.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, эрүүл мэнд, соёл, спортын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон дотуур байрны байршил, аймаг, нийслэлийн саналыг харгалзан хүнс, эрүүл мэнд болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран тогтооно.

15.8.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 15.1-д заасан эрхээ сум, дүүргийн Засаг дарга, эсхүл доод шатны албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

15.9.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон, татварын байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй этгээдэд олгоно.

16 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн төрөл

Хэвлэх

16.1.Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгоно.

16.2.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна:

16.2.1. 11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх;

16.2.2. 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх.

16.3.Энэ хуулийн 16.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчилж болно.

16.4.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд нь энэ хуулийн 16.3-т заасан арга хэмжээг зохион байгуулагчтай гэрээ байгуулсан байна.

16.5.Энэ хуулийн 16.3-т заасан үйл ажиллагаанд согтууруулах ундаагаар үйлчлэхдээ энэ хуулийн 16.2-т заасан цагийн хязгаарт нийцүүлнэ.

16.6.Энэ хуулийн 16.1, 16.2-т заасан тусгай зөвшөөрөл авах үйлчилгээний ангилал, тавигдах шаардлагыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

17 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх

Хэвлэх

17.1.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, татвар, цагдаагийн байгууллага, албан тушаалтны хамтарсан, эсхүл дангаар гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ:

/Энэ хэсэгт "Мэргэжлийн хяналт" гэснийг "Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага" гэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

17.1.1.илэрсэн зөрчлийг арилгах, үйл ажиллагаагаа хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэх талаар хяналт тавих эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй;

17.1.2.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаанд тавигдах хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй;

17.1.3.согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд сайн дураараа биелүүлээгүй.

17.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 17.1-д заасан зөрчлийг арилгуулах зорилгоор гурав хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд түдгэлзүүлсэн үндэслэл арилсан бол тусгай зөвшөөрлийг сэргээнэ.

17.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн хүсэлт болон илэрсэн зөрчлийг арилгах боломжийг харгалзан гурав хүртэл сарын хугацаагаар сунгаж болно.

18 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

Хэвлэх

18.1.Энэ хуулийн 17.1-д заасан байгууллага, албан тушаалтны санал, дүгнэлтийг үндэслэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:

18.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч татан буугдсан;

18.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан;

18.1.3.тусгай зөвшөөрөл хүссэн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл тэдгээр нь худал мэдээлэл агуулсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;

18.1.4.хуульд заасан өдөр, цагийн хязгаарыг гурван сарын хугацаанд гурав, түүнээс дээш удаа зөрчсөн;

18.1.5.энэ хуулийн 17.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болсон зөрчлийг арилгаагүй, эсхүл хоёр сарын хугацаанд хоёр, түүнээс дээш удаа тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх зөрчил гаргасан;

18.1.6.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн;

18.1.7.тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх зэргээр бусдад шилжүүлсэн, хуульд зааснаас бусад тохиолдолд үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчилсөн;

18.1.8.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй;

18.1.9.энэ хуулийн 22.1-д заасныг гурван сарын хугацаанд давтан зөрчсөн;

18.1.10.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээс бусад тохиолдолд зургаан сараас дээш хугацаагаар тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулаагүй;

18.1.11.стандарт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, эсхүл баталгаажилтгүй, онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн, хуурамчаар үйлдсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг ашигласан, захиалгаар хийлгэсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг наасан согтууруулах ундаа худалдан борлуулсан, цахим төлбөрийн баримт олгоогүй согтууруулах ундаа худалдан борлуулсан;

18.1.12.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30.1, 30.2-т заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлээгүй;

18.1.13.хуульд заасан бусад.

19 дүгээр зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох

Хэвлэх

19.1.Онц байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан нөхцөл байдал үүссэн болон шаардлагатай бусад тохиолдолд тодорхой нэр төрлийн, эсхүл бүх нэр төрлийн согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээг тодорхой нутаг дэвсгэрт хориглох шийдвэрийг орон нутагт аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч, улсын хэмжээнд Засгийн газар гаргана.

20 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар

Хэвлэх

20.1.Дараах газарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно:

20.1.1.энэ хуулийн 13.1.1, 13.1.2, 13.1.4-т заасан газар, нийтийн эдэлбэр газарт;

20.1.2.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэлд, агаарын хөлөг болон зорчигч тээврийн галт тэрэгний зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт;

20.1.3.шатахуун түгээх газар, шашны байгууллагын байр болон нийтийн эдэлбэр газарт байрлаж байгаа авто тээврийн хэрэгсэл дотор;

20.1.4.галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт;

20.1.5.энэ хуулийн 16.3-т зааснаас бусад тохиолдолд олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, спортын арга хэмжээ, тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж байгаа газарт;

20.1.6.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад этгээдийн ажлын байрны дотоод орчинд;

20.1.7.барилгын батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэх;

20.1.8.олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.

21 дүгээр зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл

Хэвлэх

21.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд дараах зүйлийг хориглоно:

21.1.1.21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

21.1.2.стандарт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, эсхүл баталгаажилтгүй, эсхүл савлагаа нь энэ хуулийн 12.7-д заасан шаардлагад нийцээгүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

21.1.3.онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

21.1.4.согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд цахим орчин, холбооны хэрэгсэл, өөртөө үйлчлэх автомат төхөөрөмж ашиглан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хаягаар хүргэх;

21.1.5.энэ хуулийн 12.7-д заасан шаардлагыг хангаагүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

21.1.6.согтууруулах ундааг гар дээрээс, эсхүл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, түдгэлзүүлсэн үед худалдах, түүгээр үйлчлэх.

22 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдөр

Хэвлэх

22.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

22.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 22.1-д зааснаас гадна гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослын үед, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг харьяа нутаг дэвсгэртээ хориглох шийдвэр гаргаж болно.

23 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарлалт

Хэвлэх

23.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно.

23.2.Энэ хуулийн 23.1 дэх хэсэг татваргүй барааны дэлгүүрийн горимд хамаарахгүй.

24 дүгээр зүйл.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах тусгай шаардлага

Хэвлэх

24.1.Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид зориулсан, худалдан авсан согтууруулах ундааг хэрэглэх танхимтай байна.

24.2.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс худалдан авсан согтууруулах ундааг энэ хуулийн 24.1-д заасан танхимд хэрэглэнэ.

24.3.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд энэ хуулийн 16.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ.

24.4.Согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээний стандартыг хүнсний болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж, Засгийн газар батална.

24.5.Согтууруулах ундаагаар үйлчлэх танхимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсэх хор уршгийн талаар санамж, такси, нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг байршуулна.

25 дугаар зүйл.Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээ

Хэвлэх

25.1.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байна.

25.2.Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт нь хууль тогтоомжийг таниулах, үйлчлүүлэгчийн насыг тогтоох, үйлчлүүлэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйлчилгээний арга барилыг төлөвшүүлэх зорилготой байна.

25.3.Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтыг ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхлэн явуулах бөгөөд сургалтын төлбөрийн 50 хувийг энэ хуулийн 33.1-д заасан сангаас санхүүжүүлнэ.

25.4.Энэ хуулийн 25.2-т заасан хариуцлагатай үйлчилгээ явуулах журам, хариуцлагатай үйлчилгээний жишиг төлбөрийн хэмжээг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

26 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө баримт бичгийг шалгах

Хэвлэх

26.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажилтан нь үйлчлүүлэгчийн баримт бичгийг шалгах эрхтэй.

26.2.Үйлчлүүлэгч 21 нас хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан ажилтан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн баримт бичгийг биечлэн болон техник технологи ашиглан заавал шалгана.

26.3.Энэ хуулийн 26.1-д заасан ажилтан үйлчлүүлэгч баримт бичиггүй, эсхүл баримт бичгээ шалгуулахаас татгалзсан тохиолдолд түүнд согтууруулах ундаа худалдахгүй, эсхүл түүгээр үйлчлэхгүй.

26.4.Үйлчлүүлэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэх үйлдэл гаргасан тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан ажилтан түүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхээс татгалзах эрхтэй.

26.5.Энэ хуулийн 26.1-д заасан баримт бичигт иргэний үнэмлэх, гадаад паспорт болон жолоочийн үнэмлэх хамаарах бөгөөд үйлчлүүлэгч цахим систем ашиглан насанд хүрсэн эсэхээ нотолж болно.

27 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлага

Хэвлэх

27.1.21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.

27.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 26.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үйлчлүүлэгч хуульд заасан насанд хүрээгүй болохыг мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

ТАВДУГААР БҮЛЭГ

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ

28 дугаар зүйл.Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох

Хэвлэх

28.1.Дараах хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:

28.1.1.тээврийн хэрэгсэл жолоодож байгаа;

28.1.2.21 нас хүрээгүй;

28.1.3.жирэмсэн.

28.2.Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ

29 дүгээр зүйл.Согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг хориглох

Хэвлэх

29.1.Согтууруулах ундаатай холбоотой дараах үйл ажиллагааг хориглоно:

29.1.1.Зар сурталчилгааны тухай хуулийн 141.4-т зааснаас бусад тохиолдолд спортын, соёл, урлагийн болон нийтийг хамарсан арга хэмжээ, нэвтрүүлгийн үеэр согтууруулах ундааны зар сурталчилгаа явуулах, байршуулах;

29.1.2.38, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хямдрал, урамшуулал зарлах, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдах, үйлчлэх болон урамшуулал, хөнгөлөлтийг илэрхийлсэн утгатай зар сурталчилгаа ашиглах;

29.1.3.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч согтууруулах ундаагаар дээж, загвар хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчлэх, бусдыг дайлах, амтлагаа зохион байгуулах;

29.1.4.нэг тогтоосон үнээр хязгааргүй хэмжээгээр согтууруулах ундаагаар үйлчлэх;

29.1.5.согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлсийг орлуулан олгох, согтууруулах ундаа оролцуулсан тоглоом, наадам, хонжворт сугалаа зохион байгуулах;

29.1.6.Зар сурталчилгааны тухай хуулийн 141.5-д зааснаас бусад тохиолдолд согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, лого, барааны тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, хоолны цэс, зорчигчийн тийзэд болон бусад биет байдлаар гаргах;

29.1.7.онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, хуурамч онцгой албан татварын тэмдэг ашиглах, захиалгаар хийлгэх, хуурамч онцгой албан татварын тэмдэг наасан согтууруулах ундаа худалдан борлуулах.

29.2.Төрийн ёслол, хүндэтгэлийн гадаад арга хэмжээг зохион байгуулахаас бусад тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно.

30 дугаар зүйл.Архидан согтуурахын эсрэг сурталчилгаа

Хэвлэх

30.1.Согтууруулах ундааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах харилцааг Зар сурталчилгааны тухай хуулиар зохицуулна.

31 дүгээр зүйл.Албадан эрүүлжүүлэх

Хэвлэх

31.1.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулна.

32 дугаар зүйл.Эмчилгээ

Хэвлэх

32.1.Архинд донтох өвчтэй нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн этгээдийг албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.

32.2.Энэ хуулийн 33.1-д заасан сангийн хөрөнгөөс Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан тусламж, үйлчилгээний зориулалтаар зарцуулж болно.

33 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан

Хэвлэх

33.1.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан /цаашид "сан" гэх/-гийн хөрөнгөөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213.1-д заасан дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ:

33.1.1.архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах;

33.1.2.согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын төлбөрийн 50 хувийг;

33.1.3.согтуурах, мансуурах донтой болон дэлгэцэд донтох өвчний хор уршигтай тэмцэхэд чиглэсэн зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээг хүн амд хүргэх;

33.1.4.согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний барилга байгууламж, тоног төхөөрөмж бусад тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;

33.1.5.архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг.

33.2.Сан нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах бөгөөд сангийн ажлын алба хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.

33.3.Сан нь Удирдах зөвлөлтэй байх бөгөөд уг Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагын болон олон нийтийн төлөөллийг тэнцүү тоогоор оролцуулна.

33.4.Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 25.5-д заасан хяналтын хороо хяналт тавих бөгөөд уг хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төлөөлөл нь гуравны хоёроос доошгүй байна.

33.5.Энэ хуулийн 33.4-т заасан олон нийтийн төлөөлөлд согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг төлөөлөх ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулна.

33.6.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

34 дүгээр зүйл.Спиртийн олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих

Хэвлэх

34.1.Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журмыг хүнсний, санхүү, төсвийн, хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

34.2.Жил бүр үйлдвэрлэвэл зохих спиртийн доод хэмжээг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ЗОХИЦУУЛАЛТ БОЛОН БУСАД ЗҮЙЛ

35 дугаар зүйл.Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хэрэглээнд тавих хяналт

Хэвлэх

35.1.Согтууруулах ундааны эргэлтэд дараах байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд хяналт тавина:

35.1.1.хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

35.1.2.бүх шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч;

35.1.3.татварын байгууллага;

35.1.4.мэргэжлийн хяналтын байгууллага;

/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

35.1.5.гаалийн байгууллага;

35.1.6.цагдаагийн байгууллага;

35.1.7.хуулийн этгээдийн удирдлага;

35.1.8.хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн байгууллага;

35.1.9.хуульд заасан бусад.

36 дугаар зүйл.Зөрчлийн талаар мэдээлэл авах

Хэвлэх

36.1.Төрийн эрх бүхий байгууллага согтууруулах ундаа хууль бусаар үйлдвэрлэсэн, гаалийн хилээр нэвтрүүлсэн, борлуулсан зөрчлийн талаарх мэдээллийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу төлбөртэй авч болно.

37 дугаар зүйл.Татвар, хураамж төлөх, онцгой албан татварын тэмдэг

Хэвлэх

37.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа экспортлох үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд хууль тогтоомжид заасны дагуу татвар, хураамж төлнө.

37.2.Экспортлох болон гаалийн баталгаат бүсээс бусад Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдсан, бусдад үйлчлэх согтууруулах ундаа онцгой албан татварын тэмдэгтэй байх бөгөөд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, онцгой албан татварын тэмдэг хуурамчаар үйлдэх, ашиглах, захиалгаар хийлгэх, хуурамч онцгой албан татварын тэмдэг наасан согтууруулах ундаа худалдан борлуулах, цахим төлбөрийн баримтгүй согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоно.

38 дугаар зүйл.Мэдээллийн сан

Хэвлэх

38.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим сантай байна.

38.2.Мэдээллийн цахим сан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сантай холбогдсон байна.

38.3.Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрт оруулсан бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан цахим төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэгт үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

38.4.Энэ хуулийн 38.3-т заасан санд дараах мэдээллийг бүртгэнэ:

38.4.1.үйлдвэрлэгчийн нэр;

38.4.2.худалдсан этгээдийн нэр;

38.4.3.импортолсон тохиолдолд импортлогчийн нэр;

38.4.4.үйлдвэрлэсэн он, сар, өдөр;

38.4.5.үйлдвэрлэсэн тоо, хэмжээ;

38.4.6.импортолсон тохиолдолд гаалийн бүрдүүлэлт хийсэн он, сар, өдөр;

38.4.7.импортолсон тохиолдолд гаалийн бүрдүүлэлтэд тусгасан гаалийн үнэлгээ;

38.4.8.төлсөн онцгой албан татварын дүн;

38.4.9.худалдан борлуулсан үнийн дүн.

38.5.Энэ хуулийн 38.4-т заасан мэдээллийг согтууруулах ундаа худалдан авсан этгээд өөрийн ашигладаг цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан танилцах боломжтой байна.

38.6.Энэ хуулийн 38.1-д заасан цахим санг бүрдүүлэх, ашиглах үйл ажиллагааг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ.

38.7.Энэ хуулийн 38.1-д заасан цахим санг бүрдүүлэх, ашиглах, баяжуулах журмыг хүнсний, санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

39 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

39.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

39.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

40 дүгээр зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт

Хэвлэх

40.1.Энэ хуулийн 12 дугаар зүйл нь тус хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдвэрлэгдсэн согтууруулах ундаанд хамаарахгүй.

40.2.Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.6 дахь хэсгийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

40.3.Энэ хуулийн 14.5.4, 14.6.2 дахь заалт, 15, 16 дугаар зүйлийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

40.4.Засгийн газар энэ хуулийн 5.1-д заасан тусгай зөвшөөрлийн тоог 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор батална.

40.5.Энэ хуулийн 20.1.7-д заасан 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох газарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд энэ заалт нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарахгүй.

40.6.Энэ хуулийн 15.7-д заасан тусгай зөвшөөрлийн тоог батлах хүртэл хугацаанд шинээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.

40.7.2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу олгогдсон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 15.7-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн тоог батлах хүртэлх хугацаагаар сунгана.

40.8.Энэ хуулийг батлахаас өмнө согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсан этгээдэд энэ хуулийн 5.2, 5.3-т заасан зохицуулалт хамаарахгүй бөгөөд тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу сунгуулж болно.

40.9.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн тоог баталснаас хойших хугацаанд 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу олгогдсон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусмагц хүчингүй болсонд тооцох бөгөөд хүсэлт гаргасан хуулийн этгээдэд энэ хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

41 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

41.1.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР