Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Ил тод байдал

Худалдаа үйлчилгээний ил тод байдал

                                                                                МОНГОЛ УЛСЫН ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

                                                                                                           НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

                                                                                                         НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.Энэ хуулийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

1.2 дугаар зүйл.Зөвшөөрлийн хууль тогтоомж

1.Зөвшөөрлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

1.3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

1.Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл /цаашид "зөвшөөрөл" гэх/-тэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно.

2.Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулна.

3.Хуулиар зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

4.Энэ хууль доор дурдсан харилцаанд үйлчлэхгүй:

4.1.Монгол Улсын иргэнд газар өмчлөх эрх олгох;

4.2.гадаадын иргэн, харьяалалгүй хүнд цагаачлан оршин суух зөвшөөрөл олгох, гадаадын иргэнд Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгох буюу Монгол Улсын виз олгох, Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг олгох, олгосон виз, визийн зөвшөөрөл, зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

4.3.хурал, цуглаан, жагсаал, нийтийг хамарсан бусад арга хэмжээ зохион байгуулах;

4.4.патент, зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн болон газар зүйн заалт, барааны тэмдэг эзэмшигчийн эрх олгох;

4.5.Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар байгуулах;

4.6.сүм, хийд буюу шашны байгууллага байгуулах;

4.7.холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдээс бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох;

4.8.хуульд Монгол Улсын Их Хурлаас олгохоор заасан зөвшөөрөл.

5.Хүн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр төрийн байгууллага, албан тушаалтан, бусад эрх бүхий этгээдээс дүгнэлт, батламж, тодорхойлолт гаргуулах харилцаанд энэ хууль хамаарахгүй.

6.Төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд энэ хуульд заасан зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэхээс бусад төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн байгууллага хооронд зөвшөөрөл авах, олгох харилцаанд энэ хууль хамаарахгүй.

1.4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

1.1."зөвшөөрөл" гэж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагааг эрхлүүлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон эрхийг;

1.2."зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд" /цаашид "эрх бүхий этгээд" гэх/ гэж хуулиар зөвшөөрөл олгох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан төрийн байгууллага, албан тушаалтан, эсхүл төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдийг;

1.3."зөвшөөрөл эзэмшигч" гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахаар эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан этгээдийг.

1.5 дугаар зүйл.Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим, хэрэгжүүлэх хүрээ

Хэвлэх

1.Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох, сунгах болон зөвшөөрөлтэй холбогдох бусад харилцаанд доор дурдсан зарчмыг баримтална:

1.1.үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах;

1.2.хууль дээдлэх;

1.3.ил тод, шударга байх;

1.4.бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх;

1.5.хуульд зааснаас бусад баримт бичиг, төлбөр, хураамж шаардахгүй байх;

1.6.энэ хуульд заасан зөвшөөрөл олгох.

2.Зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх хуульд заасны дагуу тухайн зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ.

3.Хуульд зааснаас бусад тохиолдолд Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглоно.

4.Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд үүсэх үр дагаврыг зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн этгээд хариуцна.

5.Засгийн газар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно.

6.Хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагын тогтоосон хувь, хэмжээнд багтаан эрх бүхий этгээд зөвшөөрлийг олгоно.

7.Хуульд өөрөөр заагаагүй бол нэг зөвшөөрлийг нэг хүн, эсхүл нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.

8.Хуульд заасан тохиолдолд тухайн зөвшөөрлийг хуулийн этгээдэд, эсхүл тодорхой төрөл, хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээдэд, эсхүл хувь хүнд, эсхүл Монгол Улсын иргэнд олгоно.

9.Хуульд заасан тохиолдолд зарим төрлийн зөвшөөрлийг зөвшөөрөл эзэмшигчид олгоно.

10.Хуульд заасан тохиолдолд тодорхой төрлийн зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж болно.

11.Эрх бүхий этгээд уялдаа холбоо бүхий зарим төрлийн зөвшөөрлийн олгох, сунгах үйл ажиллагааг нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулж болно.

12.Зөвшөөрөл эзэмшиж байгаатай нь холбогдуулан зөвшөөрөл эзэмшигчийн тодорхой эрхийн хязгаарлалтыг хуулиар тогтооно.

13.Хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагааны чиглэлийг тодотгосон үг, тэмдэглэгээ хэрэглэх бөгөөд тухайн үг, тэмдэглэгээг тухайн үйл ажиллагааг эрхэлж байгаа, эсхүл уг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар бусад этгээд ашиглах, хэрэглэхийг хориглоно.

14.Зөвшөөрлийг шинээр бий болгоход тухайн үйл ажиллагааг төрөөс зохицуулах шаардлагатай эсэх, зөвшөөрөл нь зохицуулалтын зохистой арга хэрэгсэл мөн эсэх, зөвшөөрөл нь нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай байх эсэхэд судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зарчмыг баримтлан олон улсын жишиг, стандартыг харгалзана.

15.Энэ зүйлийн 14-т заасан судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын баталсан аргачлалын дагуу гүйцэтгэнэ.

16.Энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэхийг хориглоно.

17.Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно.

18.Байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулах зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэх харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

19.Хуульд зааснаас бусад тохиолдолд энэ зүйлийн 18-д зааснаас бусад зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЗӨВШӨӨРӨЛ

2.1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн ангилал

Хэвлэх

1.Зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн түвшнээс хамааруулан доор дурдсанаар ангилна:

1.1.тусгай зөвшөөрөл;

1.2.энгийн зөвшөөрөл.

2.Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно.

3.Нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа, эсхүл тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагаа, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ахуйн хэрэгцээний зориулалтаар ашиглуулахад энгийн зөвшөөрөл олгоно.

4.Тусгай зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд түүнд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангуулах үүднээс урьдчилсан байдлаар олгож болно.

2.2 дугаар зүйл.Зөвшөөрлийн хугацаа

Хэвлэх

1.Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно.

2.Байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгоно.

3.Энэ зүйлийн 2-т зааснаас бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгож болно.

4.Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагааны хугацаа нь тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байна.

2.3 дугаар зүйл.Зөвшөөрлийн код

Хэвлэх

1.Зөвшөөрлийн нэгдсэн бүртгэл хөтлөх, статистик мэдээг эрхлэн гаргах, лавлагаа өгөх, цахим хэлбэрээр зөвшөөрөл олгох зорилгоор зөвшөөрлийг кодолно.

2.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрлийн кодыг эдийн засгийн үйл ажиллагааны ангилал, барааны ангиллын жагсаалт болон үндэсний кодыг харгалзан тогтооно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД, ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

3.1 дүгээр зүйл.Эрх бүхий этгээд

Хэвлэх

1.Энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд зөвшөөрлийг олгох бөгөөд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд зөвшөөрөл олгох бүрэн эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно.

3.2 дугаар зүйл.Эрх бүхий этгээдийн бүрэн эрх

Хэвлэх

1.Эрх бүхий этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1.1.энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах;

1.2.зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

1.3.тухайн зөвшөөрлийн нөхцөл, шаардлагатай холбогдох мэдээ, тайланг зөвшөөрөл эзэмшигчээс авах.

2.Эрх бүхий этгээд дараах үүрэг хүлээнэ:

2.1.хуульд заасан зарчмыг баримтлах;

2.2.хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөл олгох;

2.3.зөвшөөрөл хүссэн болон сунгуулах өргөдлийг хүлээн авах, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргах үйл ажиллагааны явцыг зөвшөөрөл хүсэгч, зөвшөөрөл эзэмшигчид цахим хэлбэрээр, нээлттэй, ил тод байлгах;

2.4.зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргах;

2.5.энэ зүйлийн 2.4-т заасан шийдвэрийг зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухайн шийдвэр гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор бүртгүүлэх;

2.6.зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэрийг зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулах, тухайн шийдвэрийг хүртээмжтэй хэлбэрээр нийтэд мэдээлэх;

2.7.зах зээлд чөлөөтэй өрсөлдөхөд ялгамжтай хандахгүй байх, түүнчлэн өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хуульд зааснаас бусад үндэслэлээр зөвшөөрлийг олгохоос татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг авахгүй байх;

2.8.зөвшөөрөл хүсэгч, зөвшөөрөл эзэмшигчид зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;

2.9.зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргах баримт бичгийн жагсаалт болон өргөдөл хүлээн авах этгээд, түүний хаяг, байршлын талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр нийтэд мэдээлэх.

3.3 дугаар зүйл.Зөвшөөрөл олгох эрх шилжүүлэх

Хэвлэх

1.Хуульд заасан тохиолдолд эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох эрхээ төрийн холбогдох байгууллага, албан тушаалтан, эсхүл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.7-д заасан хуулийн этгээдэд шилжүүлж болно.

2.Эрх шилжүүлэн авсан этгээд энэ хуулийн 3.2 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ.

3.Энэ зүйлийн 1-д заасан эрх шилжүүлэх журмыг Засгийн газар батална.

4.Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох эрхээ бусдад шилжүүлсэн бол шийдвэрийг байгууллагын цахим хуудсанд байршуулж, энэ тухай нийтэд мэдээлнэ.

5.Зөвшөөрөл олгох эрхийг хууль бусаар шилжүүлсний улмаас бусдад учирсан хохирлыг тухайн эрх шилжүүлсэн этгээд хариуцна.

3.4 дүгээр зүйл.Зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах

Хэвлэх

1.Хуульд заасан тохиолдолд эрх бүхий этгээд нь зөвшөөрөл эзэмшигчид тавигдах тусгай шаардлага, нөхцөлийг хэрэгжүүлэх зорилгоор зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулж болно.

2.Гэрээний нөхцөл, шаардлага, гэрээ байгуулахтай холбоотой харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ, ЭЗЭМШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА, ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

4.1 дүгээр зүйл.Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид тавигдах нийтлэг шаардлага

Хэвлэх

1.Энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн үйл ажиллагааг эрхлэх этгээд дараах нийтлэг нөхцөл, шаардлагыг хангасан байна:

1.1.иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх;

1.2.хуульд заасан бол мэргэжил, мэргэшлийн шалгалтад тэнцсэн, зохих дүгнэлт гаргуулсан байх;

1.3.татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх.

4.2 дугаар зүйл.Зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

Хэвлэх

1.Зөвшөөрөл эзэмшигч дараах эрхийг эдэлнэ:

1.1.зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг эрхлэх;

1.2.зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах;

1.3.зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон мэдээлэл, лавлагааг авах;

1.4.хуульд заасны дагуу зөвшөөрлийг бусдад шилжүүлэх;

1.5.зөвшөөрлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулсан тухайн зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл бүрэн бус, алдаатай, буруу бол залруулах талаар эрх бүхий этгээдэд хүсэлт гаргах;

1.6.эрх бүхий этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, шийдвэрийн талаар холбогдох хуульд заасны дагуу гомдол гаргах;

1.7.хуульд заасан бусад.

2.Зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:

2.1.хуульд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх;

2.2.тухайн үйл ажиллагааг эрхлэх хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах;

2.3.хуулиар хориглосон, эсхүл хязгаарласан тохиолдолд зөвшөөрөлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхгүй байх;

2.4.хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг байнга эрхлэн явуулах;

2.5.зөвшөөрлийг эрх бүхий этгээдээс авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ тухай татварын албанд мэдэгдэж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлэх;

2.6.санхүүгийн үйлчилгээний зөвшөөрөл эзэмшигч мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх хууль тогтоомжийг сахин биелүүлэх;

2.7.үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандартыг дагаж мөрдөх;

2.8.зөвшөөрлийн хүрээнд хэрэглэгчийг ялгаварлахгүйгээр тухайн үйлчилгээгээр шуурхай хангах;

2.9.хуульд заасан бусад.

ТАВДУГААР БҮЛЭГ

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ ЖУРАМ

5.1 дүгээр зүйл.Зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах

Хэвлэх

1.Зөвшөөрөл хүсэгч зөвшөөрөл хүссэн өргөдлийг түүнд хавсаргах баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана.

2.Зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасан байна.

3.Зөвшөөрөл хүсэгч өргөдөлд зөвшөөрлийн ангилал, түүнд холбогдох үйл ажиллагааны болон байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглах зорилго, үндэслэлийг тодорхой тусгах бөгөөд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:

3.1.зөвшөөрөлд тавигдах хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг;

3.2.хуульд заасан бол улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

3.3.хуульд тусгайлан заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг.

4.Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх нэмэлт зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгай зөвшөөрлийг авахад бүрдүүлсэн баримт бичиг буюу энэ зүйлийн 3.1, 3.3-т заасан баримт бичгийг дахин шаардахгүй.

5.Цахим хэлбэрээр гаргасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу бичгээр гаргасан хүсэлт гэж үзнэ.

5.2 дугаар зүйл.Зөвшөөрөл хүссэн өргөдөл шийдвэрлэх журам

Хэвлэх

1.Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тусгана.

2.Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, дараах арга хэмжээ авна:

2.1.баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлэх;

2.2.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэх;

2.3.өргөдлийг харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэх.

3.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 2-т заасан арга хэмжээний талаар зөвшөөрөл хүсэгчид баримт бичгийн бүрдлийг шалгах хугацаанд багтаан мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх шаардлагатай баримт бичиг тус бүрийн талаар мэдэгдэлд тодорхой тусгана.

4.Энэ зүйлийн 2.2-т заасан баримт бичгийг нөхөн бүрдүүлэх хугацаа 30 хүртэл хоног байна. Энэ хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол өргөдөл гаргаагүйд тооцно.

5.Зөвшөөрөл хүсэгч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана:

5.1.тусгай зөвшөөрлийг ажлын 10 өдрийн дотор;

5.2.энгийн зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор.

6.Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагаанд шаардлагатай нэмэлт мэдээлэл, лавлагаа, дүгнэлт, тодорхойлолт зэргийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.13-т заасны дагуу холбогдох төрийн байгууллагаас гаргуулан авна.

7.Магадлан шалгах ажиллагаанд төрийн болон мэргэжлийн байгууллагаас дүгнэлт, тодорхойлолт гаргуулах шаардлагатай бол энэ зүйлийн 5-д заасан хугацааг нэг удаа ажлын таван өдрөөр сунгаж болно.

8.Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргана.

9.Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгохоос татгалзсан бол мэдэгдэлд татгалзсан үндэслэлийг тодорхой заана.

10.Энэ зүйлийн 9-д заасан мэдэгдлийг мэдэгдэл гарснаас хойш ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрөл хүсэгчид бичгээр хүргүүлнэ.

11.Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд тухайн зөвшөөрөл хүсэгчээс зургаан сарын дотор уг чиглэлээр хүссэн өргөдлийг хүлээж авахгүй.

12.Хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй нь холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болно.

5.3 дугаар зүйл.Зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргах

Хэвлэх

1.Эрх бүхий этгээд энэ хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана.

2.Энэ зүйлийн 1-д заасан шийдвэрийг тухайн шийдвэр гарсан өдөрт багтаан зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ.

3.Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий байгууллагын шийдвэр, эсхүл зөвшөөрөлд дараах мэдээллийг тусгана:

3.1.эрх бүхий этгээдийн нэр;

3.2.эрх бүхий этгээдийн шийдвэрийн нэр, он, сар, өдөр;

3.3.зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг;

3.4.зөвшөөрлийн ангилал, эрхлэх үйл ажиллагааны нэр;

3.5.зөвшөөрлийн хугацаа;

3.6.зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөр;

3.7.эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга /тэмдэг/.

4.Хуульд заасан тохиолдолд энэ зүйлийн 3-т зааснаас бусад мэдээллийг эрх бүхий байгууллагын шийдвэр, эсхүл зөвшөөрөлд тусгаж болно.

5.Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно.

6.Энэ зүйлийн 5-д заасны дагуу олгосонд тооцох шийдвэрийг эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх хугацаа дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор гаргана.

7.Энэ зүйлийн 6-д заасан шийдвэрийг тухайн шийдвэр гарсан өдөрт багтаан зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ.

8.Эрх бүхий этгээд шийдвэр гаргасан өдрөөс хойш тав хоногийн дотор зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр энэ хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу зөвшөөрлийн баримт бичгийг олгоно.

9.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 1, 6-д заасан шийдвэрийг зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухайн шийдвэр гарснаас хойш ажлын хоёр өдрийн дотор бүртгүүлнэ.

5.4 дүгээр зүйл.Зөвшөөрлийн баримт бичиг

Хэвлэх

1.Эрх бүхий этгээд зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр, эсхүл хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл олгосныг баталгаажуулан зөвшөөрлийн баримт бичиг буюу гэрчилгээ, түүнтэй адилтгах эрхийн бичиг, бусад үнэт цаас бүхий баримт бичиг олгоно.

2.Зөвшөөрлийн баримт бичиг нь зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд зөвшөөрөл олгосон шийдвэр, зөвшөөрлийн лавлагааны нэгэн адил эрх зүйн хүчинтэй байна.

3.Зөвшөөрлийн баримт бичгийг гээх, үрэгдүүлэх, гэмтээх, хүлээж аваагүй байх нь зөвшөөрлийг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй.

5.5 дугаар зүйл.Зөвшөөрлийн хугацааг сунгах

Хэвлэх

1.Эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө түүнийг сунгуулах тухай мэдэгдлийг зөвшөөрөл эзэмшигчид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.

2.Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана.

3.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 2-т заасан өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.

4.Эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, дараах арга хэмжээ авна:

4.1.баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлэх;

4.2.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх.

5.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 4.2-т заасан арга хэмжээний талаар зөвшөөрөл эзэмшигчид баримт бичгийн бүрдлийг шалгах хугацаанд багтаан мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх шаардлагатай баримт бичиг тус бүрийн талаар мэдэгдэлд тодорхой тусгана.

6.Энэ зүйлийн 4.2-т заасан баримт бичгийг нөхөн бүрдүүлэх хугацаа 10 хоног байна. Энэ хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдөл гаргаагүйд тооцно.

7.Зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана:

7.1.тусгай зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор;

7.2.энгийн зөвшөөрлийг ажлын гурван өдрийн дотор.

8.Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагаанд шаардлагатай нэмэлт мэдээлэл, лавлагаа, дүгнэлт, тодорхойлолт зэргийг энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 6-д заасны дагуу гаргуулан авна.

9.Магадлан шалгах ажиллагаанд төрийн болон мэргэжлийн байгууллагаас дүгнэлт, тодорхойлолт гаргуулах шаардлагатай гэж үзсэн бол энэ зүйлийн 7-д заасан хугацааг нэг удаа ажлын гурван өдрөөр сунгаж болно.

10.Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын хоёр өдөрт багтаан зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх шийдвэрийг гаргана.

11.Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана.

12.Энэ зүйлийн 11-д заасны дагуу татгалзсан бол үндэслэл бүхий шийдвэр гарснаас хойш ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрөл эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ.

13.Хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй нь холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болно.

14.Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасан, холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа бол эрх бүхий этгээд тухайн зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.

15.Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч энэ зүйлийн 2-т заасан нөхцөл, шаардлагаас гадна татварын өргүй, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалсан бол зөвшөөрлийн анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгаж болно.

16.Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийн анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно.

17.Энэ зүйлийн 16-д заасны дагуу зөвшөөрлийг сунгасанд тооцсон шийдвэрийг эрх бүхий этгээд зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг шийдвэрлэх хугацаа дууссанаас хойш ажлын хоёр өдрийн дотор гаргана.

18.Энэ зүйлийн 17-д заасан шийдвэрийг тухайн шийдвэр гарсан өдөрт багтаан зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.

19.Эрх бүхий этгээд шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор зөвшөөрлийн баримт бичигт дараах тэмдэглэлийг хийнэ:

19.1.зөвшөөрлийн сунгасан хугацаа;

19.2.зөвшөөрлийн дугаар, сунгасан он, сар, өдөр;

19.3.зөвшөөрөл сунгасан эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга /тэмдэг/.

20.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 14, 15, 17-д заасан шийдвэрийг зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухайн шийдвэр гарснаас хойш ажлын хоёр өдрийн дотор бүртгүүлнэ.

5.6 дугаар зүйл.Дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт

Хэвлэх

1.Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.15, 1.17, 1.18, 1.19, 1.22, 1.23, 1.24, 1.27, 1.28 дахь заалт, 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт, 8 дахь хэсгийн 8.3, 8.14, 8.16, 8.18, 8.24, 8.25, 8.28, 8.29 дэх заалт, 9 дэх хэсгийн 9.7 дахь заалт, 11 дэх хэсгийн 11.11 дэх заалтад заасан тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаа, эсхүл сонгон шалгаруулалтын журмаар олгоно.

2.Энэ зүйлийн 1-д заасан журмаар зөвшөөрлийг олгох харилцааг тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

6.1 дүгээр зүйл.Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх

Хэвлэх

1.Эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

1.1.зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;

1.2.хуульд заасан мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл буруу гаргасан;

1.3.зөвшөөрөл олгосноос хойш хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон.

2.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 1-д заасан үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана.

3.Энэ зүйлийн 2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.

4.Эрх бүхий этгээд зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай шийдвэрийн талаар зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд ажлын хоёр өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.

5.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 1-д заасан үндэслэл, нөхцөл, шаардлага арилсан тохиолдолд зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зөвшөөрлийг сэргээнэ.

6.2 дугаар зүйл.Зөвшөөрлийг хүчингүй болгох

Хэвлэх

1.Зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:

1.1.зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

1.2.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй;

1.3.зөвшөөрөл эзэмшигч нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн, их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;

1.4.зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн;

1.5.зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан болон бусад хэлбэрээр шилжүүлсэн;

1.6.зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

1.7.зөвшөөрөл эзэмшигч иргэн бол иргэний эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцогдсон, хуулийн этгээд бол дампуурсан, эсхүл татан буугдсан;

1.8.хуульд заасан бусад.

6.3 дугаар зүйл.Зөвшөөрлийг хүчингүй болгох журам

Хэвлэх

1.Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана.

2.Энэ зүйлийн 1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ.

3.Зөвшөөрөл эзэмшигч энэ зүйлийн 2-т заасан хугацаанд тайлбар өгөөгүй, энэ зүйлийн 1-д заасан мэдэгдэлд гомдол гаргаагүй бол зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

4.Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд ажлын хоёр өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.

6.4 дүгээр зүйл.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосны үр дагавар

Хэвлэх

1.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөвшөөрлийн дагуу эрхлэх үйл ажиллагаатай холбогдох гэрээний үйлчлэлийг түр зогсоож болно.

2.Зөвшөөрлийг хүчингүй болгосон нь тухайн зөвшөөрөл эзэмшигчээс зөвшөөрлийн дагуу эрхлэх үйл ажиллагаатай холбогдуулан бусадтай байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болно.

3.Зөвшөөрлийг хүчингүй болгосны улмаас бусдад учруулсан хохирлыг зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нөхөн төлнө.

4.Зөвшөөрлийг хууль бусаар олгосны улмаас бусдад учирсан хохирлыг тухайн зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан эрх бүхий этгээд болон тухайн асуудал хариуцсан албан тушаалтан, эсхүл эрх шилжүүлэн авсан этгээд нөхөн төлнө.

5.Төрийн албан тушаалтан зөвшөөрөл олгох журмыг зөрчсөн, эсхүл үүрэгт ажилдаа илтэд болгоомжгүй хандсан, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй, эсхүл үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг арилгана.

6.Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн зөвшөөрөл эзэмшиж байсан этгээдээс зургаан сарын дотор тухайн зөвшөөрлийг дахин хүссэн өргөдлийг хүлээж авахгүй.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ЗӨВШӨӨРЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ

7.1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан

Хэвлэх

1.Энэ хуульд заасан зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэрийн талаарх мэдээллийг агуулсан зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан /цаашид "зөвшөөрлийн нэгдсэн сан" гэх/-тай байх бөгөөд уг сан нь цахим хэлбэртэй байна.

2.Энэ зүйлийн 1-д заасан зөвшөөрлийн нэгдсэн санг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

3.Эрх бүхий этгээд энэ зүйлийн 1-д заасан шийдвэрийг энэ хуульд заасан журмын дагуу зөвшөөрлийн нэгдсэн санд бүртгүүлнэ.

4.Эрх бүхий этгээдээс ирүүлсэн энэ зүйлийн 3-т заасан шийдвэрийг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын гурван өдрийн дотор бүртгэж, зөвшөөрлийн нэгдсэн санд байршуулж, нийтэд мэдээлэх арга хэмжээ авна.

5.Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална.

6.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ зүйлийн 1-д заасан шийдвэрийн сан үүсгэх, түгээх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах үүрэгтэй.

7.2 дугаар зүйл.Зөвшөөрлийн лавлагаа, мэдээлэл

Хэвлэх

1.Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой хүсэлт гаргасан этгээд, түүний бүрдүүлсэн баримт бичиг болон зөвшөөрөл олгох, бүртгэх, хяналт тавих эрх бүхий этгээдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл нээлттэй, ил тод байна.

2.Зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой мэдээлэл хуульд заасны дагуу тухайн этгээдийн нууцад хамаарахаар бол түүнтэй холбоотой лавлагааг зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн үндсэн дээр олгоно.

3.Энэ зүйлийн 2-т заасан лавлагааг ажлын таван өдрийн дотор, бусад лавлагааг ажлын гурван өдрийн дотор олгоно.

                                                                                  НАЙМДУГААР БҮЛЭГ

                                                                  ЗӨВШӨӨРЛӨӨР ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

8.1 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийн жагсаалт

1.Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:... 

ХУУЛИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БАЙГАА...