Нүүр хуудас Өргөдөл гомдол Сүхбаатар аймаг Холбоо барих

Ерөнхий боловсролын сургууль

Байгууллагын танилцуулга

Эрдэнэцагаан сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1925 оны тавдугаар сарын 14-ний өлзийт сайн өдөр нэгэн зэрэг нэг довон дээр Зотол хан уулын хошууны ба Егүзэр хутагтын шавийн танхим гэж нэрлэгдсэн хоёр бага сургууль өрхөө татаж, үүдээ нээсэн цаг дор эхэлсэн. Зотол ханы уулын хошууны сургуулийн анхны хичээлийг багш. Д. Гомбожав бурхандаа зул өргөн залбирч эхлүүлж байсан бол Егүзэр хутагтын шавь нь бие даасан засаг захиргааны нэгж учир өөрийн хөрөнгөөр хийдийн дэргэд байгуулсан сургуулийнхаа хичээлийг ном айлдан эхлүүлж байсан гэдэг. Буурал түүхийн ээдрээт нугачаанд Чоногол, Хашаат, Бяруут, Далай хамар, ар хөөвөр, Хонгорын гол, Халзан хийд эргээд Чоногол гээд энэ тэнд нүүдэллэн нэгдэн нийлж салж одож байсан ч нэгээхэн жил ч хичээллээгүй өнжөөгүйгээр монголын боловсролд босоо үлдсэн цөөхөн сургуулийн нэг билээ. 
Монголын тамгатай 13 хутагтын нэг зүүн өмнө хязгаарыг илбэн тохинуулах сайд нөлөө бүхий улс төрч Егүзэр хутагт Ж. Галсандашийн нэрэмжит эрдмийн уурхай үүдээ нээж, өрхөө татаж анхны шавь нараа хүлээн авсанаас хойш 97 дэх жилтэйгээ золгож байна. 
Тус сургууль нь олон газар нүүдэллэн он цагийг үдсэнч хүүхэд багачуудыг сургах үндсэн зорилгоо үл таслан 30 жилийнхээ ойн дээр долоон жилийн, 38 жилийнхээ ой дээр найман жилийн, 66 жилийнхээ ойд бүрэн дунд боловсрол олгож эхлээд удалгүй 3 жил болоод эргээд суурь боловсролын сургууль болсон ч 2022-2023 оны хичээлийн жилээс дахин Бүрэн дунд сургууль болон өргөжин тэлж өнөөдөр 43 бүлэгт 1422 хүүхэд, 5 удирдах ажилтан, 93 багш, ажилчинтай Сүхбаатар аймгийн боловсролын салбарын 2 дахь том байгууллага болон хөгжөөд байна. 

2022-2023 оны хичээлийн жилд: 

Бага ангийн 21 бүлэгт 733 сурагч –Үүнээс: нэгдүгээр ангид 138, хоёрдугаар анги-146, гуравдугаар анги-152, дөрөвдүгээр анги-144, тавдугаар анги-153,

Дунд ангийн 15 бүлэгт 468 сурагч - Үүнээс: зургаадугаар анги-130, долдугаар анги -123, наймдугаар анги- 111, есдүгээр анги- 104,

Ахлах ангийн 7  бүлэгт 221 сурагч –Үүнээс: аравдугаар анги-91, арван нэгдүгээр анги-72 , арван хоёрдугаар анги- 58  сурагч боловсролын үйлчилгээг хүртэж байна.